Орох оронтойн бас оронгүйн зовлон
Байшин дээр байшин давхарлах нь зөв үү?
Байшин дээр байшин давхарлаж барих нь эдийн засгийн хувьд ашигтай гэж үзсэн бизнесменүүд арга эвийг нь олж байгаад холбогдох газраас нь зөвшөөрөл авч барилгын ажлаа эхэлцгээсэн. Барилгын ажил эхэлсэн үеэс л олон хүний уур ундууцлыг төрүүлж, эсэргүүцэлтэй тулгараад байгаа ч хаа сайгүй мансард барьсаар л байгаа.
Нийслэлийн засаг даргын 2002 оны дөрөвдүгээр сард гаргасан 138 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 1-9 байрны дээвэр дээр мансард барихыг “Жем” ХХк-д зөвшөөрсөн бол 2006 оны долдугаар сарын 350 тоот захирамжаар нийслэлийн зургаан дүүрэг дэхь таван давхар угсармал 74 байранд мансард нэмэхээр болжээ. Харин улсын мэргэжлийн хяналтын алба ашиглаад 20-30 жил болчихсон энэ байруудыг давхарлавал “ачааллаа” даахгүй гэж мэдэгдсэн байна. Мэргэжлийн хяналтынхан цаашлаад эдгээр таван давхар байран дээр байшин давхарлах биш газар хөдлөлийг даах чадварыг дахин судлаж бэхэлгээ хийх нь зүйтэй гэж үзсэн. Гэсэн ч одоо хэр барилгын ажил явагдсаар байгаа. Шийдвэр гаргадаг, түүнийг хэрэгжүүлдэг байгууллагууд хоорндоо уялдаа холбоо муугийн хар гай гэж хэлж болох юм.
Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэмээн үндсэн хуульдаа заасан ч өдгөө хүртэл бид тийм орчинд ганц хонож үзсэн билүү? Яагаад ийн хэлэв гэхээр мансард барихдаа тухайн байранд оршин суугч иргэдээс зөвшөөрөл авдаггүй, тав тух аюулгүй байдлыг нь алдагдуулж байгааг хэн ч мэдээгүй юм шиг царайлаад байгаад гайхаад л… Нийтийн орон сууцны хуучин барилгад нэмэлт ачаалал үүрүүлэх гэж байгаа бол маш нарийн судалгаа хийж тэнд амьдарч байгаа, цаашид амьдрах иргэдийн амь настай холбоотой гэдгийг сануулмаар байна. Нэг их хэрэлдээд, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллаад байдаг УИХ маань хуучин барилгын зориулалтыг өөрчлөх, өргөтгөх, давхарлах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээ мартчихаж. Харамсалтай, бас эмгэнэлтэй. 74 байранд хичнээн хүн амьдарч байгаа билээ. Монгол улсын иргэд учраас тэдний эрх ашгийг бодолцох учиртайсан.
Өндөр үнэтэй орон сууцыг өндөр хүүтэй зээлээр…
Үлгэрийн юм шиг 40 мянган айлыг орон сууцанд оруулна гээд яриад байсан нь хэрэв биелсэн бол сайхан. Улаанбаатарыг утаанаас нь салгахын тулд утаагүй түлш, тусгай зуух гэхчилэн өчнөөн мөнгө цацсан. Харин утаа хэр багассан билээ? Бид бүгд мэднэ.
Орон сууцны компаниуд байрны үнэ өссөнийг барилгын материалын үнэ өссөн, манайх дотооддоо үйлдвэрлэдэг зүйл нь тун хомс, дээрээс нь гадны ажиллах хүч ажиллуулж өндөр цалин өгч байгаатай холбон тайлбарладаг.
Жаахан тоо бодоод үзье. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын тулд байрны үнийг наад зах нь ам метрийг нь 300 орчим доллар болгох ёстой гэсэн эдийн засагчийн тооцоо бий. Хамгийн хямдаар бодоход хоёр өрөө байр 50 сая. Ам метрийг нь 600 орчим доллараар тооцоход шүү дээ. /Харин одоо байрны ам метр нь 1000 доллараас даваад байгаа/. Энэ байрыг арван жилийн хугацаатай, жилийн 11 хувийн хүүтэй зээлээр авлаа гэхэд сардаа хамгийн багаар бодоход 300 гаруй мянган төгрөг төлөх болно. Сарынхаа цалинг автобус унаа, хоол хүнсэндээ зарцуулаад цалингаас цалингийн хооронд өр зээлээр амьдардаг багш, эмч, жирийн залуу гэр бүлүүд яаж үүнийг төлөх юм бэ? Өндөр үнэтэй орон сууцыг өндөр хүүтэй зээлээр аваад төлж чадахгүйгээ ойлгосон оршин суугчид орон сууцаа буцаан өгөхөд арилжааны банкууд 30 хувийн алданги тооцно гэсэн журам нь тэднийг өрд хатаах нөхцөл бүрдүүлсэн нь харагдана.
Зээл аваад “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдъя гэвэл дараах шаардлагыг биелүүлэх ёстой. Юуны түрүүнд банкинд өргүй, ажиллаж буй байгууллагатаа хоёроос дээш жил тогтвортой ажиллсан байх ёстой аж. Мөн өрхийн бусад орлогыг тодорхойлох баримт, өөрийн болон хамтран зээлдэгчийн иргэний үнэмлэх, хоюулангийнх нь авдаг цалин, ажилласан жилийн тодорхойлолт, гэрлэлтийн баталгааны нотариатаар баталгаажуулсан хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт зэргийг бүрдүүлнэ гэж зээл авах журамд заажээ. Бүрдүүлэх материал ингээд дуусчихгүй ээ. Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажсан хуулбар, цагдаагийн газраас “Гэмт хэрэгт холбогдож байгаагүй” гэсэн тодорхойлолтыг орон сууцны санхүүжүүлэх корпорацид бүрдүүлж өгөх юм байна.
Байр нурчих вий...
Ийм айдас шинэхэн байранд орсон олон хүний “толгойн өвчин” болоод байна. Өр зээл тавиад ч болов толгой хоргодох байртай болъё гэж хичээсэн зүтгэл талаар өнгөрөх нь харамсалтай. Нүүж ороод сар болоогүй байхад хананд мөөгөнцөр ургах нь юу ч биш. Хана, тааз цуурч, хажуу айлынх нь яриа хажууд нь юм шиг сонсогдох “сиймхий” байруудыг яах вэ? Гаднаас нь харахад шил толь мэт гялалзавч үнэн хэрэгтээ гаднаа гяланцаг дотроо паланцаг”-ийн тодоос тод жишээ болдог.
Нэгэнт олсон зөөсөн бүхнээрээ дэнчин тавиад авчихсан юм чинь яалтай билээ гээд амьдардаг. Саяхан гадуур тархсан газар хөдлөх нь гэсэн цуу яриа хүмүүс өөрийн амьдарч буй байр, орчин нөхцөлдөө хэр итгэдэгийг тодхон харуулсан. Уул нь орон сууцны барилга барихад 300 гаруй стандартыг баримтлах ёстой. Гэтэл үүнийг биелүүлж байгаа үгүйг “Хэрэглэгч та хаан” гэсэн ёжлоод ч байгаа юм шиг тодотголтой жирийн иргэд бид тэр бүр мэддэг билүү.
Өнгөрсөн тавдугаар сард улсын мэргэжлийн хяналтын газраас барилгын компаниуд, барьж буй байшинд нь шалгалт хийхэд хангалттай үнэлгээ авах газар бараг олдоогүй. Дээрээс нь жижиг сажиг зөрчил, барилгачдын аюулгүй ажиллагаа бол бүүр “онцгой муу” дүн авахаар байсан. Хэрэглэгчдийн найдвартай түнш, хэрэглэгцээ хаанд өргөмжилсөн байгуулллага, чанарын шаардлага хангасан, газар хөдлөлтөд тэсвэртэй гэсэн уран цэцэг үг, элдэв гоёл чимэглэл нь хэр үнэний ортой байдгийг ч бид мэднэ. Жаран чавганц уралдвал заавал нэг нь төүрүүлнэ гэсэн хошин үг байдаг. түүн шиг олон чанаргүй барилгаас олон түмэн орон байр худалдан авч байгаа. Хөөрхий бидний монголчууд шаазгай зүү олоод хийх газаргүйн үлгэрээр авсан байраа хэзээ нурахыг сэтгэл түгшин хүлээж суух юм. Нэг бол орох орнгүй, халаасны өрөө хэсч, эсвэл авсан байр нь элдэв “гажигтайг” мэдэж амаа барин шогшроод л...
наад мансардын чинь асуудал бас их бухимдуулаад байгаа шүү. муу эцгийн минь байранд наад асуудал чинь 2-3 жилийн өмнө сөхөгдсөн. оршин суугчид дургүйцээд тэр асуудлыг хаасан боловч. өнгөрсөн жил дахин сөхөгдөөд тэр хуралд нь би сууж үглэж эдр, суугчдийн гар хөлийн үсэг цуглараад дахин энэ асуудал сөхөгдөхгүйгээр эцэслэн шийдсэн юмдаг. гэтэл саяхан ээжтэй утсаар ярьтал юу гэнэв дахиад л нөгөө мансард барих бариулахгүй асуудал сөхөгдөөд дахиад л нөгөө улиг болсон гар хөлийн үсэг...
лаларууд* бохир хэдэн цаас зүүдлээд шөнө унтаж чадахаа байчихсан юм байх даа. мөрөөрөө яваад байхад л лаларууд* дээрэлхээд байхаар бухимдахгүй гээд яалтай.
хараалын үгс хэрэглэмээр санагдав. бүдүүлэг нөхөрийг ойлгоорой бүсгүй.