Би 37 насаараа бахархадаг
Шүрэн бугуйвч, И-мэйлээр илгээсэн ягаахан сарнай гээд түүнийг тодотгох олон зүйл бий. Сэтгүүлч, зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй уулзаж ярилцлаа.
- Шүүдэрцэцэг нэрийн тухайд?
- Ямар нэгэн бэлгэдлийн утгаар агуулаагүй. Шүүдэр гэдэг бол хатаж алга болдог зүйл. Монгол хүний оюун сэтгэлгээнд шүүдэр гэдэг бол ариун нандин зүйл гэсэн ойлголт байдаг. Эхийнхээ ачийг хариулахын тулд шүүдрийн усаар цай чанаж өгдөг гэдэг. Тэгээд ч сонсоход сонсголонтой. Би өөрийнхөө нэрээр сэтгүүлчийнхээ бүтээлүүдийг гаргаж байсан. Тэгэхэд хүмүүс намайг ихэвчлэн эрэгтэй хүн гэж ойлгодог байсан л даа. Тийм болохоор эмэгтэй гэдгээ илэрхийлэх, хүмүүсийн анхаарлыг татахаар нэр гэж бодсон. Энэ нэр үнэхээр надад амжилт авчирсан. Хүмүүсийн анхаарлыг татахад нэр маш их үүрэгтэй. Нэрээр анхны эерэг энергийг татдаг гэж би уншиж байсан.
- Хамгийн сүүлд гарсан “Чимээгүй хашгираан” номныхоо талаар танилцуулбал?
- Хүмүүсийн сэтгэл зүйн судалгаанаас харахад хүмүүс 44 насандаа хамгийн их хямардаг гэнэ. Яагаад гэвэл залуу нас нь холдож, өтөл нас нь ойрдог. Тэгсэн хэрнээ амьдралыг илүү их ухаарсан, дэгж дэрвээд байхгүй, хөгшин хүн шиг сэтгэл нь шулуудчихаагүй учраас маш их хямардаг нас юм байна. Өнөөдрийн нийгэмд хамгийн их үүрэгтэй байгаа хүмүүс бол энэ насныхан. Улс төр, бизнес гээд олон салбарт ажиллаж, хийж бүтээж байгаа хүмүүсийн дундаж насыг авч үзэх юм бол энэ насныхан байдаг. Удахгүй мултраад явах гэж байгаа. Хувь хүн гэр бүлийнхээ талаас авч үзвэл хүүхдүүд том болоод мөрөө хөөж, эхнэр нөхөр хоёр гэртээ үлддэг. Баруунд үүнийг эзгүйрсэн үүр гэж нэрлэдэг. Залуу цагтаа бүтээхийн төлөө явж байсан бол одоо бүх юм нь бүрэн жигдэрчихсэн, тэмцэх юмгүй ч юм шиг. Мөн энэ туужид гарч байгаа залуу бүсгүй Наран бол юунд ч хүрээгүй, залуу бүсгүй, оюун ухаанхаараа явъя гэхээр үнэлэмж нь ямар байгаа, залуу эмэгтэй хүн амжилтад хүрэх ямар ч боломжгүй. Хэрвээ байх юм бол заавал эр хүнихрй дэмжлэгтэй байгааг харуулахаар зорьсон. Бие хүн гэдгээрээ тэр бүсгүй хэн ч биш байгаа. Би өөрөө фиминист үзэлтэй хүн. Би өөрийнхөө үзэл санааг уран зохиолд заавал шингээр албагүй гэж боддог байсан харин чимээгүй хашгираан дээр яах аргагүй өөрийнхөө үзэл бодлыг оруулсан. Миний эмзэглэл, ил харагдаад байхгүй ч далд ялгаварлал аль ч нийгэмд байгаа. 100 жилийн өмнө бол эмэгтэйчүүд эрчүүдтэй тэнцэх боломж байгаагүй, харин өнөөдөр хуулиар бүх боломжийг нь өгчихсөн байхад яагаад тийм байж чадахгүй байгаа юм бэ? Энэ бол хуулиар зохицуулагдашгүй, ялгаварлал байгаа байхгүй юу. Жишээлбэл, нэг газар ажил хөөцөлдөөд орлоо гэхэд намайг хүн авч хэлэлцэхгүй, тэгэхэд нөхрөөрөө хэлүүлээд үзэхэд тэр ажил бүтдэг. Энэ бол байнга байдаг алхам тутам таардаг. Эмэгтэй хүн болж төрнө гэдэг амаргүй хувь тавилан.
- Яруу найргийн, үргэлжилсэн үгийн олон шинэ зохиолууд гарч байгаа. Бичдэг хүмүүс ч олширсон. Зах зээл ямар байна?
- Сайн зохиолд зах зээл байгаа. Орос шиг хэдэн саяараа борлогдохгүй ч залуус өөрийнхөө соёлоор ангаж чангаж байгаа ш дээ. Орчуулгын бүтээл хангалттай гарч байгаа. Мэдээж дэлхийн оюуны охь шимээс хүртэлгүй л яахав. Сэтгүүл зүйн зарчмаар бол саран дээр хүн буухаас илүү манай хотод автобус онхолдох сонин байдаг гэдэг. Түүнтэй нэгэн адил өөрийнхөө зохиолыг ч унших хүсэл хүмүүст байгаа. Нийлүүлэлт нь харин дутаад байгаа юм шиг санагддаг. Надаас хүмүүс үргэлж шинэ зохиол нэхдэг. Зохиолч гэж өөрийгөө тунхаглаад байдаггүй, түүгээр хоолоо олъё гэж бодоод байгаагүй. Сар болгон нэг тууж бичээд байдаггүй. Гэсэн ч эрэлт бол их байна.
- Шүлэг бичиж байсан уу?
- Би шүлэг бичиж байгаагүй. Миний өөрийн натур шүлгэнд тохирохгүй хүн байхгүй юу. Би зүгээр л уран зохиолд хорхойтой. Би сэхээтний хүүхэд болохоороо номуудыг сорчилж уншиж чаддаг. Тааралдсныгаа биш сорчлоод л уншдаг. Ном бол хоолтой л адил зүйл. Зарим хүмүүс монголын уран зохиол руу нулимж байна. Монголд олигтой зохиолч байхгүй гээд л. Бид өөрийн гэсэн соёлтой ард түмэн юм чинь өөрийнхөө зохиолчдын бүтээлийг унших ёстой. Би жаахан байхдаа Гармаа гуайн зохиолд дуртай л байсан.
- Нэлээд хожуу уран зохиолд орсон байх...
- Би чинь сэтгүүлч хүн. Энэ жил сэтгүүл зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаална. 30 гарсан хойноо уран зохиолд орсон. Гэхдээ миний сэтгэлд уран зохиол дандаа ойр байсан. Эрхүүгийн их сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байх үед зохиолчийн сургалт, сэтгүүлчийн сургалт нь их төстэй байдаг байлаа. Уран зохиолыг таван жил заана. Дэлхийн уран зохиол, Оросын уран зохиол хоёр таван жил ордог. Тэндээс монголд шилжээд ирсэн чинь дэлхийн уран зохиол хагас жил л орсон.
- Таны бичлэгийн онцлог юунд байна? Өөрийн гэсэн уур амьсгал, орчин бүрдүүлсэн гэж ойлгодог?
- Зүгээр өнөөдрийн монгол хүний дүрийг л тодорхой сайн бүтээчихье гэж зорьдог. Би хотод өссөн болохоор хөдөөний амьдралыг тийм ч сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ хүмүүс намайг хотын зохиолч гэж нэрлэхэд би дургүй. Сэдэвтээ биш, бичиж байгаа арга хэлбэрт л хүмүүс татагдаж байна. Надад ч гэсэн хөдөөний уншигч зөндөө байгаа ш дээ. Би өөрөө үнэхээр гоё зохиол бичье гээд хөдөө суманд очоод сар амьдарвал нэг сайхан тууж бичиж чадна гэж итгэдэг. Юмыг маш сайн дүрсэлж, илэрхийлж, баатрууд нь амьд юм шиг л байж хүмүүсийн сэтгэлийг татаж байхаар бүтээх ёстой.
- Таны зохиол бүтээлүүдэд нийгэм болон хувь хүний төлөвшил, сэтгэл зүйтэй холбоотой асуудлууд тусгагдадаг. Иргэншил гэж таныхаар юу вэ?
- 21-р зуунд байгаа монгол хүн хэн бэ гэдгийг манай ямар ч судалгааны байгууллага гаргаж чадаагүй. Социалист нийгмийн үед хувь хүн, бүлэг давхрагын онцлогийг арилгахыг зорьж, бүгдийг нэг хэвэнд цутгахыг оролдож байсан. Түүнийг судалдаг ухааныг хөрөнгөтний шинжлэх ухаан гэж үздэг байсан. Гэтэл хүнээ таньсан нийгэм л хөгждөг. Өнөөдөр монгол улсын иргэн би хэн бэ гэдгээ мэддэггүй. Социологийг маш өндөр төвшинд хөгжүүлэх хэрэгтэй. Харин өнөөдөр төлбөртэй шинжлэх ухаан болчихсон. Мөнгө төлсөн хүний талд дүнг гаргадаг ч юмуу. Энэ бол эмгэнэл. Би хоёр дахь үеийн хотын иргэн. Аав ээж маань европоос соёл тээж ирсэн, би орост суралцсан, гэтэл миний хүүхэд хэн болох вэ? Миний охин одоо малайзд суралцаж байгаа. Охинтойгоо хааяа ярьж суухад бид хоёрын хооронд соёлын ялгаа байгаа нь анзаарагддаг. Монголчууд хаанаас оюун санааныхаа мэдлэгийг олж авч байна тэр зүгийнхээ соёл руу хуваагдмал байдалтай байгаа. Би Амерканизмыг их шүүмжилдэг. Өнөөдөр манай улс төрчид америк руу дэндүү шуурч байна. Тэнд сурснаараа гайхуулаад л... Гэтэл дэлхийн сэтгэлгээний төв Европт хэвээрээ байгаа. Америк бол том үйлдвэрлэгч. Хүн од болдог, баяждаг. Харин сэтгэлгээний үр Европт л цэцэглэдэг. Хамгийн олон хүн аюулгүй амьдардаг, урт удаан насалдаг нийгэм америкт биш Европ ш дээ. Гэтэл америкийг дагаж гүйх зөв үү? Буруу юу? Манай улс төрийн соёлыг авч яваа хүмүүс бол америк тал руу, түшмэлүүдийн төвшинд болохоороо Европт боловсрол эзэмшсэн хүмүүс, харин ажил амьдралаар гадагш гарсан хүмүүс солонгос соёлыг сэтгэлгээний төвшинд бус ахуйн төвшинд нь тээж ирдэг. Өнөөдрийн монгол хүнийг соёлынх нь хувьд сэтгэлгээнийх нь хувьд яг тийм гээд тодорхойлох боломж байхгүй.
- Үндэсний оюун сэтгэлгээг бий болгох, үндэсний сэхээтэн давхарга байхгүй байна гэж ойлгож болох уу?
- Сэтгэлгээний шинэчлэл хэрэгтэй байна л даа. Хуучны үед ч гэсэн манай сэхээтнүүд оросын соёлыг хэт шүтэж байсан. Хүүхдүүд нь Оросоор яриад орос сургуульд оруулахыг зорьдог байсан. Өнөөдрийн сэхээтнүүд нэг л их америкжчихсан хүмүүс. Хоорондоо анлиар яриад, хүүхдүүдээ англи хэлний сургуульд оруулаад, америкт тэгдэг ингэдэг гэж ярьцгаадаг. Эсвэл бүр 13-р зуун, чингисийн гэсэн болгоныг ярьж хэлдэг. Би аль алийг нь маш их эсэргүүцдэг. Монгол хүн гэдэг бол яг тэндээс авах юмаа аваад, өөрийнхөө хөрс цэцэглүүлэх ёстой. Сингапурын хөгжлийн зам сингапурынх л байсан, хятадын хөгжлийн зам хятадынх л байна. Тэгэхээр монголын хөгжлийн зам монголынх л байх учиртай. Бид өөрийнхөөрөө хөгжлийн замаа тодорхойлохгүй хоёр тийшээ ханарч гүйдэг хүмүүс. Өөрийнхөө соёлыг орчин үетэй хослуулан авч явахыг баруунд эдүүгээчлэхгээд байгаа юм. Би үүнийг дэмжиж байгаа. Монголчууд шиг 34 оронтой тоо хэрэглэдэг нүүдэлчин ард түмэн өөр хаана ч байхгүй. Сэтгэлгээгээ л авч явах хэрэгтэй. Монголд эмэгтэйчүүдийг доор үзэж байгаа. Гэтэл Данзанравжаа гэдэг хүн бүсгүй хүнийг дээдэлдэг байсан. Харин одоогийн зарим улс төрчид эмэгтэйчүүд гутаагаад доромжлоод сууж байгаа л байхгүй юу. Сэхээтний маш том бүлэг, цөм үүсч байж өв уламжлалаасаа хэрэгтэйгээ аваад одоо үетэйгээ хослуулах л хэрэгтэй юм шиг санагддаг.
- Ингэж хослуулахад сэхээтнүүдийн үүрэг их байх болов уу?
- Сэхээтний хүчтэй давалгаа л хэрэгтэй байна. Улс төр бол яахав дээ ингээд явж л байна. Харин улс төрч дотор үндэснийхээ юмыг мэддэг хүн ховор байна ш дээ. Ойлголттой гэхээрээ тэд ард түмнийг мунхруулахын тулд шашныг л шүүрч авдаг. Улс төрчид бол зальхай хүмүүс. Тэд хэрэгтэй юмаа л ашигладаг. Тэд нарт наад цаадахыг ойлгодог, шилдэг тийм сонгогч хэрэггүй л байдаг. Сэхээтнүүд нь хүчтэй, тэднийгээ ард түмэн нь дагадаг байж л сэхээтний мартагдахааргүй бүлэг үүсч байж л ард түмэндээ оюуны давалгааг үүсгэж чадах байхаа.
- Эмэгтэйчүүдийн эрх ашиг, нийгэмд оролцох оролцооны талаар судалж байгаа гэсэн?
- Хүмүүс эмэгтэйчүүдийг гоё байвал болно гэж ойлгодог. Би түүнтэй хэзээ ч санал нийлэхгүй. Залуу хүүхнүүд гоё гэдэг. Ийм ойлголт намайг эмзэглүүлдэг. Би насаа нуухыг хүсдэггүй. Би 37 настай. Энэ насаараа бахархадаг. 37 настайдаа би ингээд сууж байгаадаа баярладаг, эргээд 20 той болохыг хүсдэггүй. 20 настай надад юу ч байгаагүй. Ямартаа ч миний 37 нас хүнээс нуух ичгэвтэр нас биш. Яагаад үрчлээгээ арилгах ёстой юм, яагаад зөвхөн гоё харагдах ёстой юм, хүн намайг хүндэлж байгаасай гэж хүсдэг.
М.Гэрэлтуяа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
одоо ч холбоотой байдаг
санаадгүй Чимээгүй Хашгирааныг 2 удаа авчихсан байсан.
намайг үнэлэж урам өгч зөв бичгийн дүрэмийн алдааг маань уучилдаг байсанд нь би их баярладаг байсан юм....