Салхинд гараад нэг иймэрхүү
Сайн байна уу? блог минь. Ойрдоо байгуулсан гавъяа байхгүй ч блогоороо ч шагайх завгүй өдрүүдийг өнгөрөөлөө. Арай гэж нэг амьсгаа авахтай болонгуутаал үүнийг бичиж байна даа. Өнөөдөр охиныхоо ангийнхантай салхинд гарлаа. Ёстой л салхинд гарна гээчийг үзүүлж өгөх шив. Зайсангийн орой дээр гарах гэж жаахан хүүхдүүд хаврын салхинд хийсэн алдаж эцэг эхчүүдээ сандраасныг эс тоочвол сайхан байлаа. Сайхан байлаа ч гэж дээ. Зарим газраар хүүхдээ дагуулаад явахаас санаа зовмоор ч юм шиг. Хог, хог, дахиад хог. Нөгөөх хүчтэй салхинд нь хийссэн хог толгой дээгүүр эргэлдэн нүүр шавхуурдах нь холгүй юм болохыг нь яанаа. Дээр нь бас оюутан залуус маань зайсан толгой дээрээ гараад ёстой л задгай шоудацгаахыг нь яана. Энд тэндгүй л хэд гурваараа бөөгнөрөөд ганц юм задлаад суучихсан харгадах юм. Ямар сайндаа л охин маань салхинд гарна гэдэг чинь хүүхдүүд ундаа ууж тоглоод, том хүмүүс архи ууж дуулахыг хэлдэг юм уу гэж асууж байхав дээ. Өрөвдөлтэй юм. За энэ ч яахав. Надад хүртээлтэй биш гээд орхиё. Гэтэл зайсангийн аманд баригдсан бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн гэж нэг зүйл бий болоод хуримлагч хосууд, төгсөлтийн баяраа хийж байгаа оюутан залуусын зураг хөргөө татуулдаг зогсоол нэгээр нэмэгджээ Ашгүй дээ гэж хэлмээр. Даанч тэнд бие засах газрын бараа ч харгдсангүй, харин үнэр нь л.. Түүгээр ч үл барам өнөөдөр төгсөж байгаа Их засаг их сургуулийн залуу төгсөгчид маань нялх хүүхдүүдийн хажууд хээвнэг морь харж байхын. Сэхээтэн болоод их сургуулийн хааогаар гарч яваа хүний наад захын дүр төрх нэг иймэрхүү. Манайхан дандаа дутуу юм хийдэг зантай юм уу хаашаа юм бэ? Сүрхий сайхан юм барьсан гээд л цээжээ дэлдэж бөөн сүрийг өнгөрсөн жилээс л бадруулсан. Хүнийг үзэж хараасай, амарч зугаалаасай гэж хүссэн л юм бол бие засах газар хэрэгтэй биз дээ. Охинтойгоо салхилсан нэг өдөр иймэрхүү. Яагаад ч сэтгэл нэг л дундуур. Уул нь гэрээсээ охиноо хөтлөөд гарахдаа гоё зүйлийг төсөөлж байсан юм л даа. Амьдралаас илүү ихийг хүлээх хэрэггүй, хэрэв төсөөлснөөс муу байвал сэтгэлээр их унана гэдэг ч үнэний ортой юм байна. Охиндоо ийм тийм гоё гээд үзүүлчих нэг ч сайхан газраар орсонгүй. Ядаж л хүмүүс зөв амарч амьдарч сурах хэрэгтэй юм шиг. Хог хийсээд юм харуулахгүй, архи уугаад амар заяа үзүүлэхгүй, адаглаад аятайхан бие засах газар ч байхгүй. Ингэхээр чинь яаж????