Эрэгтэй хүний арьс “тэвчээртэй” байдаг
Хүдэр бор арьс эрчүүдийн бахархал гэсэн ойлголт аль эрт моодноос гарчээ. Долоо хоногтоо нэг маск тавиулж, өглөө нүүрэндээ тос түрхэж, гадагш гарахдаа нарны хамгаалалтын тос хэрэглэх нь тийм гаж зүйл шиг санагдахаа хэдийнэ больжээ. Залуу сайхан харагдах нь арьс арчилгаатай салшгүй холбоотой. Эрүүл саруул амьдралын хэв маяг, зохих ёсоор зөв арчилсан үед арьсны гаднах давхарга буюу эпидермис нь сар тутам бүрэн шинэчлэгдэж байдаг. Ийм арьс эрүүл, толигор байдаг. Эрэгтэйчүүдийн арьс хавар, зундаа тослогийн хэмжээ нэмэгдэж, арьсан дээр нөсөө толбо гарах нь элбэгшдэг. Нарны хэт ягаан туяа хүчтэй болдог тул арьс харлаж, чийг дутагдан үрчлээ үүсч эхэлдэг. Энэ бүгдийн эсрэг та ямар арга хэмжээ авах вэ? Эмэгтэйчүүд л гоо сайхандаа анхаарч толины өмнө эргэлддэг гэсэн ойлголтыг одоо хая. Та иргэний үнэмлэх дээрх насаа март. Гагцхүү бусдын нүдэнд хэдэн настай юм шиг харагдаж байгаагаа сана гэсэн үг байдаг. Урлагийн одод, загвар өмсөгчид гээд олон хүн “Мөнхийн залуу Ева” шиг гялалзаж явдаг. Хэрэв тэдний гоо сайхны нууцыг асуувал бүгд харилцан адилгүй жор хэлэх вий.
Эрчүүдийн арьс эмэгтэйчүүдийнхээс нэлээд олон талаараа өөр байдаг. Тэдний арьс 20 хувь илүү зузаан, бат бөхөөс гадна шингэн алдаж хуурайшихдаа бага байдаг. Мөн эрчүүдийн арьсны цусан хангамж илүү идэвхтэй байдаг тул шинэчлэгдэх нь хурдан. Арьсных нь онцлогоос шалтгаалж хөгшрөлт нь таваас долоон жилээр хожуу эхэлдэг. Эдгээр онцлогоо эрчүүд бүрэн ашиглаж чаддаг байсан бол эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү олон насаар залуу харагдах бүрэн боломжтой. Харамсалтай тамхи, архи, стресс нь дийлэнх эрчүүдийн хувьд энэ давуу талуудыг үгүй хийж орхидог.
Эрчүүдийн арьс арчилгаа
Цэвэрлэгээ - Бага багаар нэмэгдэх дулааралт эрчүүдийн арьсны тослогийн булчирхайг өдөөдөг. Ингэснээр арьсанд тоос наалдаж нүх сүвийг таглан батга гарах нөхцөл болдог. Тиймээс та арьсаа зөв цэвэрлэж сураарай.
Цэвэрлэх аргачилал
1. Их хэмжээний тослогийг арилгаж, цэвэршүүлэх, ариутгах үйлчилгээтэй шингэн саван хэрэглэнэ.
2. Угаахдаа савангаа гартаа хангалттай хөөсрүүлж нүхний хэсэг бүрт хөнгөн илж нямбайлан массажлана.
3. Эхлээд бүлээн усаар угаагаад дараа нь хүйтэн усаар шавшина.
4. Алчуураар арчихдаа хүчтэй үрэлгүй хөнгөн тогшиж, шингээж арчина.
5. Угаасны дараа цэвэршүүлэх үйлчилгээтэй чийгшүүлэгч шингэнээр цэвэрлэ.
6. Долоо хоногт 1-2 удаа үхсэн эдийг ангижруулах гуужуулагч хэрэглээд халуун алчуураар бигнүүр тавьж, зөөлөн дарж өгвөл илүү цэвэрхэн арьстай болох боломжтой.
Маск – Тослогийг бууруулж, хуурайшиж хөндийрсөн үхсэн эдийг ангижруулахад хатахаараа хуулдаг маск тохиромжтой. Маскныхаа үр нөлөөг 100 хувь дээшлүүлэхийн тулд өмнө нь гүн цэвэрлэгээ хийж, тэжээлийн тосоор массаж хийж өгнө.
Маск тавих
1. Нүүрээ угааж, гүн цэвэрлэсний дараа чийгшүүлэгч шингэнээр арч.
2. Тослогийг тэнцвэржүүлэгч маскийг хоёр хацар – эрүү – хамар – дух гэсэн дарааллаар түрхэх бөгөөд хамрын угалзанд сайн түрхсэн эсэхээ шалгана.
3. Маскаа бүрэн хатсаны дараа эрүүнээс духны чиглэлд хуулна
4. Маскаа хуулсны дараа цэвэршүүлэх чийгшүүлэгч шингэн түрх.
5. Хамгийн хялбар гар дорх материалаар маск тавихыг хүсвэл өндөгний цагааныг ашиглаарай. Энэ нь тослогийг багасгах, холцруутсан арьсыг толийлгох үйлчилгээ үзүүлдэг.
Чийгшүүлэх – Хуурай салхи болон тоосжилтоос үүдэн ам хамар орчмын эд эс амархан сөрдийдөг. Сахлаа хуссаны дараа ч чийгшүүлэгч эссэнсэ хангалттай түрхэж байгаарай.
Чийгшүүлэх арга
1. Зун тослог ихээр ялгардаг тул аль болох тослог багатай хөнгөн чийгшүүлэгч сонго.
2. Чийгшүүлэгч шингэнээ алгандаа авч хацар – уруулын орчим – зовхи – дух гэсэн дарааллаар жигд тараан түрхээрэй.
3. Түрхээд хурууныхаа өндгөөр зөөлөн тогшиж шингэхэд туслах ба шингэсний дараа зөөлөн алгадаж өгнө.
4. Хуурайшихдаа хялбар амны орчим чийгшүүлэгч маск тавьж өгнө.
5. Гоо сайхны зориулалттай хөвөнд чийгшүүлэгч эссэнсэ хангалттай шингээгээд уруулын орчим нааж 10 – 15 минут байлгана. Үүнийхээ дараа зөөлөн сүүн шингэн түрхэж ам орчимд чийгэн давхарга үүсгэж баталгаажуулж өгнө.
М.Гэрэлтуяа