Төрийн шагналт зохиолч Б.Лхагвасүрэнгийн уран бүтээлээс
Монголын их хээр тал
Нар нартай чулуунууд нь
Дуулгын дүрсэнд тоглосон
Намар намрын өвс нь
Нумын дүрсэнд тоглосон
Монголын их хээр тал
Тогоруу нь буцсан нуурын хөндүүр арилаагүй байхад
Тоссон газар шороо томдсон аз төөрөг
Үр асахын тал…
Бухим шөнийн тэнгэрийг цэцэг гижигдэхэд
Буусан ододыг шигшин гэгээнд холих
Үүр цайхын тал…
Ерхөг сугартал цалалзсан салхи
Ердөө л хагасын нь туулаад омог нь эцдэг
Салхи эцэхийн тал…
Туулайн дэгдээтэй саран үүл харайн гулгаж
Туйлдаж дунд нь хээр хонон цонхийдог
Сар хэвтэхийн тал…
Хавтгайн ингэ хэвтээд босоход
Харганын толгойд нь өрөм дарайж үлддэг
Сүү дусахын тал…
Нуган нуган үрдээ “хаан” цус нь эргэж
Нулимсны нь горыг тайлж, эргээд урагтаа төрдөг
Сүнс эгэхийн тал…
Дээлэндээ багадталаа Богд Чингис бага болж
Дэлхийн өмнө бохироогүй өвдгөө нугалж мөргөсөн
Хаан сөгдөхийн тал…
Бусдад тэгтлээ заяахгүй энэ их талыг жийж төрсөн үрд нь
Бурхан хүртэл атаархдаг
Хатан амаржихын тал…
Нар нартай чулуунууд нь
Дуулгын дүрсэнд тоглосон
Намар намрын өвс нь
Нумын дүрсэнд тоглосон
Монголын их хээр тал
Хагацахуй
Хагацахуй дор хагацах шиг хагацна
Хаан шиг амьдарч, нохой шиг үхнэ…
Намайг тойрч салхилсан
Намуухан салхины зангирааг тайлж хагацна.
Балгахан агаар цээжиндээ залгиж
Буцааж гаргалгүй тэнгэрийн цулыг зовоож хагацна…
Хагацахуй дор хагацах шиг хагацна
Хаан шиг амьдарч нохой шиг үхнэ…
Намрын халуун өвсийг, мэсийн ирээр хадахуй
Нарны ноолуурыг амин зуулганд самнах мэтэд…
Намрын улаан жимсийг шүдэтийн хүслээр зулгаахуй
Нарны нулимсыг “жаргал” хэмээн эндүүрсэн мэтэд…
Хээр талд өвс ганхах нь дураараа
Гандах л гэж дураараа…
Хүмүүн гэгч амьдын зайд дураараа
Үхдэг л болохоороо дураараа…
Манан цэцэг хоёр уулын элгэнд ээлжлэн эрхэлнэ
Зовлон жаргал хоёр над дээр ээлжилж эрхэлнэ
Шувуу давалгаа хоёр нууран дээр ээлжилж эрхэлнэ
Шударга хуурмаг хоёр хорвоод ээлжилж эрхэлнэ
Төгсгөл үүссэн цэг дээрээ давхцана
Шулуун муруй дээрээ давхцана
Буруу зөв дээрээ давхцана
Үхсэн хүн дээр амьд нь дэвхцэнэ
Цатгалан хүний нүдэнд
Өлөн хүн “өргөс” шиг
Баян хүний нүдэнд
Ядуу хүн “өөдөс” шиг
Үхэж л байж, тавилан тэгшрэхийн цагт
Үгүй байгаагийн ялгаа арилж
Амттай амтгүйг нь мэдрэх
“Араатан” гэвэл “өт” л үлдэнэ
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:




