Монгол "Чингис" мэндлэхгүй нь бололтой
2007-04-07,22:45
Их Монгол улсын 800 жилийн баярын дуулиан одоо сураг тасарч байх шиг. 800 жилийн ойд зориулж бүтээлээ гээд хэлчихээр дорвитой юм нэг ч үлдсэнгүй. Харамсалтай. Томоос том хүрэл хөшөө хүндэтгэлийн өргөө. их хурлын "ухаантай" толгойнууд хүртэл 17 тэр бумаар боссон тэр өргөөнөөсөө ичиж байгаагаа хэлээд авсан. Тэртээ тэргүй дотроосоо өтсөн төрийн том толгойтнуудаас юм хүлээгээд нэмэргүй гэдгийг ард түмэн хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тэгээд нөгөө урлаг соёлынхоо хэдтэй нийлж байгаад ганц сайхан Чингис хааныхаа тухай кино хийгээд орхиё гэсэн яалаа. Одоо болтол сураг ажиг алга. Хандив цуглуулаад л байсан. 100 төгрөгнөөс эхлээд суурь хонь хүртэл хандивлаж байсан хүмүүсийн итгэлийг Эрдэнэбулган найруулаг тэдний хамтрагчид яагаад хөсөр хаяв. Сүүлийн үед бүр Монгол Чингис дампуурсан гэсэн яриа гудмаар тэнүүчилж, Эрдэнэбулган эрүүл үү? гэж нэг нэгнээсээ асуухад хүрээд байна. Япон Чингист мөнгө өглөө гэж уруулаа унжуулж зогссоор байгаад татварын хэдээс маань хүртэл хумсалсан мөртлөө ичих нүүргүй мэт аяглах нь хачирхалтай. Япончууд Чингис хааныг улайд шунасан яргачин шиг дэлгэцнээ гаргасан гэж гомдовч Монгол Чингисийн сураг тасраад удлаа. Чингис хааныхаа тухай киног заавал хийнэ, тэгэхгүй бол үхэж чадахгүй гэж байсан Эрдэнэбулган найруулагч одоо юу бодож суугаа бол. Нүдээ хөхөртөл хүлээж байгаа хүмүүст Монгол Чингис мэндлэхгүй, Япон Чингисээ сэтгэл дундуурхан үз дээ гэж хэлэх л үлдэж байх шиг байна. Ядруухан ч гэсэн ард түмэн байгаагаа багагүй өгсөн. Өгсөн мөнгө нь багадсан уу? хийх сэтгэл нь дутсан уу? Ямартаа ч Монгол Чингис мэндлэхгүй нь бололтой.