Төв азийн нүүдэлчин монголчууд дэлхийн ховордож байгаа “амьтад”- ын нэг
Түүний тухай нэг сэтгүүл дээр 40 жил үзэг жолоодсон хүн гэж бичсэн байсныг санаж байна. Гэр бүлийн харилцаа, монгол хүний ёс жудаг, ариун нандин бүхнийг авч үлдэх, хойч үедээ үлдээхийн төлөө гэр бүлийн цуврал дөрвөн ном гаргаад байгаа сэтгүүлч Дариймаатай уулзлаа.
- Олон олон ном хэвлэгдэн гарч байгаа. Таны хувьд гэр бүлийн цуврал ном гаргасан. Хүмүүс ном унших нь ховордсон үед олон ном нэг дор гаргах нь хэр ашигтай байдаг вэ?
- Ашиг хонжоо харсангүй ээ. Гэр ахуйн нэвтэрхий толь хийе гэсэн санааг би олон жил бодож, материалаа цуглуулж байсан. Энэ үед монгол зах зээлийн нийгэм рүү шилжсэн. Ингээд ном хэвлүүлнэ гэдэг өртөг ихтэй, асар хэцүү зүйл болсон. Гэхдээ урьдынхаараа материалаа цуглуулж, баяжуулаад явж байсан. Сүүлд нь бодож байгаад бүхэл бүтэн нэг том толь гаргана гэдэг нь маш их хөрөнгө хүч шаардах, үүнийхээ хэрээр худалдан авагчидад ч үнэтэй очно гэж бодоод найз нөхөдтэйгээ зөвлөлдөн хэсэгчилж гаргахаар шийдсэн. Энэ нь ч зөв болсон. Ингээд л монгол эрэгтэй, эмэгтэй хүний ёс жудаг, хүмүүжил, төлөвшил ямар байх вэ? гэсэн асуудлуудыг тус тусад нь судалж “Монгол эрэгтэй гарын ном”, “Монгол эмэгтэйн гарын ном”, “Монгол хүүхдийн гарын ном” гэсэн гурван цувралыг хэвлүүлсэн. Биеэ засаад гэрээ зас гэсэн сайхан үг байдаг. Энэ гурван номыг уншаад дараа нь гэрээ засахад нь тус болоосой гэж “Монгол айлын ширээний ном” - ыг энэ жил уншигчиддаа хүргэсэн.
- Бид Чингисийн монгол гээд цээжээ дэлдэхээс илүүг хийж чадахгүй байгаа. Тэгэхээр таны ном залууст монгол хүний ёс жудаг, зан ааш, амьдрах арга барилд сургана гэсэн үг үү?
- Гэр бүлд зориулсан монголын анхны цуврал ном гэдгээрээ онцлогтой. Энэ номд монгол айлын гэр ахуй, ёс жудаг, уламжлалт аж төрөх ёс, орчин цагийн монгол айл ямар байх юм гээд олон зүйлийг тусгасан. Монгол ахуйн соёл, гэр бүлийн харьцааг уламжлан авч баяжуулан хөгжүүлэх учиртай. Манайхан гадаад дотоод явахаараа монголынхоо тухай мэдэж, харь хүнд түүх соёлынхоо талаар зөв ойлголт өгөх хэрэгтэй болдог. Тэдэнд нарийн нандин асуудлуудад хариу өгөхүйц мэдлэг байхгүй учраас жаран амьдарсан бидний үеийнхэн хойч үедээ хэлж өгөх ёстой гэж боддог. Сүүлийн үед монгол өв соёлоо хүмүүс дээдлэдэг болсон. Энэ жил овуны бирж дээр минийгаргасан эдгээр багц номыг дуудлага худалдаанд оруулахад 350.000 төгрөгөөр нэг компаний менежер бүсгүй авсан. Сайхан л санагдаж байлаа. Хэдийгээр бид даяаршиж байгаа ч гэсэн уламжлалаа мэдэхгүйгээр хол явахгүй. Монгол монголоороо үлдэх олон зүйл байгаа. Дэлхийн тэргүүний аж төрөх ёсоос амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Бас өрх гэрийн туслах аж ахуйн талаар зөвлөгөө зөвлөмж ч олныг оруулсан. Эхний гурван номоо нэгтгээд гар бүлийн номын санд нэртэйгээр эмхэтгэж гаргасан. Одоо ирэх жил дэлхийн хүн төрөлхтөн яаж амьдардаг юм бэ гэсэн асуултад хариу өгөх номыг гаргана. Олон улс орны амьдралын нарийн ширийн асуудлыг багтаасан тийм ном гаргахаар зорьж байгаа. Бид яаж амьдарч, дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэх ёстой юм бэ гэсэн агуулгатай ном гарах байх гэж бодож байна.
- Залуучууд гэр бүлийн харьцаанд алдаж онож байгаа зүйл таныхаар?
- Гэр бүл гэдэг бол хүний амьдралын нэг л орчин. Бидний үеийхэн эцэг эхчүүдээсээ юу өвөлж авсан бэ гэхээр цэвэр монгол ухааныг өвөлсөн. Харин эргүүлээд хойч үедээ юу өвлүүлсэн бэ гээд асуухаар бид уламжлалыг хэлж өгсөн, орчин үеийн амьдралын арга ухаанд сургаж байна. Тэртээ тэргүй мэдээллийн хэрэгслээр хүүхдүүд мэдээллийг асар их авч байна. Өөрийнхөө юмыг мэддэг хүн хүний юмыг сайн хүлээж авдаг. Тэгэхгүй өөрийнхөөнийг юу ч мэдэхгүй бол хүний хэлсэн бүх зүйл үнэн юм шиг, хүний идэж ууж, эдэлж хэрэглэж буй бүхэн сайхан юм шиг санагддаг талтай. Гэтэл тэр нь монгол хүнд тохирох нь ч байна. Тохирохгүй нь ч бас байна. Тийм учраас монгол сэтгэлгээнд тохирсон уур амьсгалыг нийгэмдээ бүрдүүлэх ёстой гэж бодож явдаг даа. Манай уламжлалт ёс бол их ариун, эрхэмсэг, шударга юм. Ариун байна гэдэг нь юундаа байна гэхээр хүн чанарын тухай яригдна. Анд болох ёс ч гэдэг юм уу хүний ёсны нарийн сайхан зүйлийг манай ард түмэн амьдралынхаа туршид бий болгосон. Тэрийгээ өдөр тутмын амьдралдаа хэрэг болгож чаддагт л монгол ёсны эрхэм чанар байгаа юм л даа. Үүнийг мэдэж байхад илүүдэхгүй. Энэ бидний амтьдрах нэг арга ч байж болох юм.
- Юу гэсэн үг вэ? Бид буцаад нүүдэлчин соёл иргэншлээрээ амьдарч, музейн үзмэр шиг байж гадныхныг татъя гэж үү?
- Төв азийн нүүдэлчин монголчуудыг судалдаг эрдэмтэд олширсон. Яагаад гэхээр дэлхийд бас л “ховордож” байгаа амьтан болоод тэр. Хүн төрөлхтний хувьд монголчуудын аж төрөх ёс асар үнэт өв. Нөгөө талаас авч үзвэл өнөөгийн залуус хэтэрхий монголоосоо тасархай, хэтэрхий зээлдмэл сэтгэхүйтэй, бусдыг дуурайх янзтай болоод байна уу даа. Аав, ээж, азай буурлаа хүндэтгэх дээдлэх хэрэгтэй. Хүндэтгэх гэдэг үгний өмнө мэднэ гэсэн зүйл орох учиртай. Мэдэж байгаа юмаа хүн хүндэлдэг. Залуус маань түүх соёлоо мэдэхгүй байна. Мэдэхгүйгээсээ болоод хайрлахгүй байна. Үүнд зөвхөн залуучууд буруутай биш ээ. Тэднийг буруутгах юм байхгүй. Учир нь нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжиж байх үеийн залуус хуучин нийгмийн юм бүрийг хараасан, зүхсэн, үзэн ядсан ийм нөхцөл байдалд хүмүүжсэн. Ер нь монголын аль ч нийгмийн төрт ёс тэр чигээрээ шинжлэх ухаан. Дэлхийд виски гаргах гээд ямар их эрэл хайгуул хийж гаргасан. Тэгэхэд ганц эмэгтэй хүн тулганыхаа хажууд зогсоод монгол шимийн архи гаргачихдаг. Зүйрлэж хэлэх юм бол. Мөн монгол бүсгүйчүүд гэр бүлийнхээ бүх хүний биеийн хэмжээг мэднэ. Тохирох өнгийг сонгоно, материалыг сонгоод өөрөө эсгэж оёдог бүхэл бүтэн үйлдвэрлэл явуулдаг. Наад зах нь энэ бол хаях соёл биш. Хүн ам цөөтэй, өргөн уудам газартай манайх шиг орны хувьд хүмүүс нь чадварлаг байх нь хожоо.
- Гэр бүлийн харьцааны талаар бодож санаж, ном бичдэг хүний хувьд хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нь юу гэж боддог вэ? Одоогийн хүүхдүүд хүнээ байж гэсэн зэмлэлийг бид их сонсдог ...
- Орчин хамгинй их нөлөөтэй. Хүүхэд өсөж төрсөн орчин, хүрээлэн байгаа хүмүүсээрээ дамжуулан амьдралыг харж, ойлгож авдаг. Би хөдөө төрж өссөн хүн. Тэр үед хүмүүс ургах нарнаас унах нар хүртэл ажил хөдөлмөр хийдэг байсан. Тийм учраас би хөлдөлмөрлөх ёстой юм гэдгийг ойлгож авсан. Ах захаа хүндэлдэг, уул ус, газар шороогоо хайрладаг байсан. Тийм болохоор ахмадыг хүндлэх, эх дэлхийгээ хайрлах хамгаалах ёстой гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон доо. Сүүлийн үеийн залуус ахуйн гэмт хэрэгт их холбогдож, зэрлэгшүү болоод байгаа. Энэ нь гэр бүлийн ариун харьцаа алдагдсаны тодорхой илрэл. Ямарваа нэг зүйлийг өнгө мөнгөөр үнэлдэг болчихсон. Гэтэл үнэхээр үүгээр хэмжих үү, мөн чанараар нь үнэлэх үү гэдэг бас л бодох зүйл. Мөн хэвлэл мэдээллийнхэн ч үүн дээр анхаарлаа хандуулах ёстой. Дэндүү олон төрлийн мэдээллийг эмх цэгцгүй мэдээлэл нийгэмд цацаж байгаа. Ямар нэгэн бодлого чиглэл алга. Чөлөөт хэвлэл нэрийн доор хэн нь юу дуртайгаа бичдэг.
- Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэсэн зарчмыг барьдаг гэсэн. Тэгэхээр өрх гэрээс хальж төрийн хэргийн талаар ярьвал...
- Төрөө хүндлэх сэтгэлгээ өнөөдөр бидэнд байхгүй болчихсон. Төрд ажиллаж байгаа хүмүүс сайн муу юманд орооцолдоод байдаг. Тэдний буруутай эсэх нь тодорхой болдоггүй. Хүн төрөлхтний амьдралд гэм хийвэл зэм хүртээ гэсэн зарчим үйлчилдэг. Энэ алдагдчихаж. Хууль дүрэм нь ерөөсөө амьдралд хэрэгждэггүй. Бид олон зүйлээр хуваагдаж байна. Нам гэж баахан хуваагдана, шашнаар, гадаадад эзэмшсэн ахуйн соёлоороо хуваагдаж байна. Энэ олон хуваагдлын үр дүн сая долдугаар сарын нэгэнд харагдлаа шүү дээ. Дээрээс нь нутаг нуга, сум суурингаараа хуваагддаг. Хүний сэтгэл зүрхэнд нутаг гээч зүйл байнга уяатай байдаг. Тэрийг заавал нутгийн зөвлөл, холбоо байгуулж талцах шаардлага байхгүй. Тэгснээрээ сайн сайхан болно гэж би боддоггүй. Монголчууд малаа зүслэж мэддэг хэрнээ хүнээ танихаа больчихож. Энүүхэн цаг үед ийм байдлыг засаж залруулахгүй бол ямар ч үр дүн гарч болно. Мөнгө бол юу ч биш. Гэхдээ би ядуу байхыг дэмжээд байгаа юм биш. Тэгэхдээ бидэнд тэвчээр хэрэгтэй юм шиг байна.
- Ярилцсанд баярлалаа.
М.Гэрэлтуяа