Харшлын эмчилгээний сониноос
Хүүд нэг сая дахин шингэрүүлсэн сүүг эмчилгээ эхлэхэд өгч 20 минут болгонд доозыг хоёр дахин нэмэгдүүлсээр биеийг нь дасгасан байна. Дөрөв дэх өдөр гэхэд хүү шингэрүүлээгүй сүүг зүгээр уух хэмжээнд бие нь дассан аж. Ингэж аливаа зүйлийг шингэрүүлж эмчилгээ хийх аргыг хомёопат эмчилгээ гэдэг. Сүүлийн үед ингэж нэг молекулаар эмчлэх арга барууны эмнэлгүүдэд өргөн дэлгэрсэн бөгөөд oral rush гэж нэрлэдэг.
Биеийн эсэргүүцлийг ингэж бага багаар сүүнд дасгаснаар Александр хүү өдөрт 100—200 мл цэвэр сүү уудаг болжээ. Хүнсний харшил дотроос сүү бол хамгийн хяналтанд байж болох бүтээгдэхүүн. Учир нь сүүний доторх бүтэц тогтмол байдаг байна.
Зарим хүн хэдхэн молекулаас харшлын реакци үзүүлдэг тул дасгах эмчилгээг зөвхөн эмчийн хяналт дор хийдэг байна.
Арьсны харшил ч сүүлийн үед элбэгшиж байгаа
Улсын клиникийн төв эмнэлгийн харшлын тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр Т.Рэгзэдмаатай ярилцлаа.
- Харшлын өвчлөл манайд ямар байгаа вэ? Юуны харшил зонхилж байгаа бол?
- Харшил хөдөлдөг ид үе бол хавар зун. Тэр тусмаа тоосны, ургамлын гаралтай харшил дөрөвдүгээр сарын сүүлээс есдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Хүмүүс ихэвчлэн ханиад хүрчихлээ гээд дур мэдэн эм уудаг. Нүднээс нулимс гоожоод байна гээд нүдний эмчид ханддаг. Үүнээс болж цаг алдаж хүндрүүлээд хамгийн сүүлд бидэнд ханддаг. Ингэж цаг алдсанаас болж гуурсан хоолойн үрэвсэл болж хүндрүүлэх тохиолдол элбэг. Арьсны харшил ч сүүлийн үед элбэгшиж байгаа. Гадаадаас импортолж байгаа элдэв амттан, химийн найрлагатай өнгө оруулагч бодис ихээр агуулсан ундаа,чихэр, жимс харшил өгдөг. Энэ төрлийн харшлаар хүүхдүүд ихэвчлэн өвдөж байгаа. Хамгийн хүнд харшил бол эмийн харшил. Манайхан өөрсдөө дур мэдэж эм уудаг. Үүнээс болж зүрх зогсох, арьсны хучуур эд тэр чигээрээ гуужих зэрэг маш хүнд байдал үүсдэг.
-Харшил тодорхойлох сүүлийн үеийн арга, технологи, багаж манайд бий юү? Харшилтай эсэхээ тодорхойлуулахад хэр хүндрэлтэй байдаг вэ?
-Анх манайд арьс зурах сорил тавьж харшил тодорхойлдог байсан. ДОХ зэрэг цусаар халдварладаг өвчнөөс сэргийлэх, мөн хүмүүс арьсаа гэмтээх дургүй болсон зэргээс шалтгаалаад энэ аргыг хэрэглэхээ больсон. Бас судаснаас цус авч тодорхойлох арга бий. Энэ нь өртөг өндөртэй болохоор дундаж, түүнээс доош амьдралтай хүмүүс тэр бүр хийлгэж чаддаггүй. Харин арьс хатгах сорил хямд төсөр, 15 минутын дотор юунаас харшилтай болохыгоо мэдэж болдог давуу талтай. “Гялс” төв дээр энэ сорилыг авдаг. Улсын эмнэлэгт сорил тавих боломжгүй. Учир нь сорилыг Герман зэрэг орнууд руу захиалдаг, өртөг өндөртэй. Улсын эмнэлгийн эдийн засгийн чадавх үүнийг авч дийлэхгүй байгаа.
-Сорилыг хүссэн үедээ тавиулж болох уу? Ямар нэгэн сөрөг нөлөө бий юү?
-Харшлын оргил үед болон тухайн хүний харшил хөдөлсөн үед тавьж болохгүй. 10, 11-р сард сорил тавиулах нь тохиромжтой. Сорил тавиулахаас 3-7 хоногийн өмнө элдэв эм уухгүй байх шаардлагатай. Бага насны хүүхэд, өндөр настнууд зэрэг биеийн эсэргүүцэл султай хүмүүст сорил тавихаас эрс татгалздаг. Сорил гэдэг нь тухайн харшлыг үүсгэгч бактерийн эсийг бага тунгаар арьсан дээр дусааж салст бүрхэвчийн мэдээллийг авахыг хэлдэг. Зарим хүн жил бүр харшлын сорил тавиулахыг хүсдэг. Нэг удаа сорил тавиулаад хариу нь гарсан бол ядаж 2-3 жилдээ өмнөх сорилын хариуны дагуу тохирсон эмийг эмчийн заавраар уух хэрэгтэй. Сорил бол хүсээд байхаар тийм сайхан эд биш. Нян бактер гэсэн үг шүү дээ. Дахин дахин сорил өгөх нь тийм ч сайн урьдчилан сэргийлэлт биш.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:




