Гэрийн тоосны харшил нь хачигны ялгадасаас үүдэлтэй
Хачигны харшил нь таныг насан туршид “зовоож” ч магадгүй. Хачиг нь 420 микрон урттай маш жижиг учраас энгийн нүдэнд харагдахгүй.
Нэг грамм тоосонд 10000 орчим хачиг үүрлэсэн байдаг. Гэвч хүн бүхэн үүнд харшаад байхгүй. Хэт мэдрэмтгий юмуу биеийн эсэргүүцэл муутай хүмүүст нөлөөлж харшилж эхэлдэг. Энэ хачиг нь хүчирхэг найман хөлтэй, түүгээрээ хивсний үснээс зуурах тул тоос сорогчинд ч сорогддоггүй ажээ. Нэмэх 20-30 градусын дулаан, 75-80 хувийн чийглэг орчин тэдний амьдрах, өсч үржих хамгийн боломжит нөхцөл болдог. Харин хасах 25 градуст тэрээр нэгээс хоёр цаг л тэсдэг аж. Эхээс төрсөн “нялх” хачиг дөрвөн өдрийн дотор нас биед хүрч, үржилд орох чадвартай болно. Эм хачиг гурваас дөрвөн сар амьдарч 300 орчим өндөг гаргадаг. Хачгийг устгах хамгийн шилдэг арга нь түүний амьдралын тааламжит нөхцөлийг үгүй хийх юм.
Хэрвээ танд доорх шинж тэмдэг илэрч байвал гэрийн тоосны хачгаар үүсгэгдсэн харшилтай болсон гэж тооцож болох нь
- Шөнийн цагаар цээж бачуурч, ханиах, найтаах байдал давтамжтайгаар илрэх
- Намар, өвлийн цагт нус гоожих, нүд загатнаж хавагнах, нүдний зовхи хөхөлбөр туяатай болох
- Тоос сорогчтой ажиллахад хамар битүүрч, нус гоожих
- Ор хураах болон даавууг солиход найтааж ханиалгах
- Өглөө орноос босонгуут найтаах нь тогтмол давтагдаж эхэлбэл та харшлын эмчид даруйхан хандаарай.
- Гэрийнхээ шороо тоосыг тоос сорогчоор цэвэрлэж манаруулснаас чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж занших
- Тоосны хачиг халуун, дулаан чийгтэй орчинд амьдарч үрждэг. Нэн ялангуяа орны гудсанд олноор үрждэг тул унтлагын өрөөг аль болох сэрүүн байлгаж, гудсыг тогтмол гадаа наранд тавих хэрэгтэй
- Тоосны хачиг нь хүний гуужсан арьсаар хооллодог. Тиймээс унтлагын хувцас өмсөж заншаарай.
- Гудасны өнгө, цагаан хэрэглэл, унтлагын хувцсаа нэмэх 60 градусын халуун усаар угаах хэрэгтэй
- Угааж цэвэрлэдэггүй зөөлөн тоглоомыг гялгар уутанд хийн хөлдөөгчинд 24 цаг болгоход тоосны хачиг бүрэн үхдэг.
- Буйдан худалдаж авахдаа давуун бус савхин бүрээстэйг сонгоорой
Нарны харшил хэзээ эхэлдэг вэ?
Нарны харшил нь зургадугаар сарын сүүлчээс наймдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжилдэг. Хэт мэдрэг арьстай хүмүүс болон ямар нэгэн харшлын суурь өвчтэй хүмүүс нарны харшлаар өвчлөх нь элбэг.
Шинж тэмдэг нь хурц наранд гарахад биеийн ил байгаа хэсэгт тууралт гарч халуу оргин загатнадаг. Энэ нь улмаар даамжирч маш зовиур шаналгаатай болдог. Нарны харшилтай хүмүүс нарны хэт ягаан туяаны идэвхжил ихсэхээс өмнө эмчилгээ хийлгэх боломжтой гэж мэргэжлийн эмч хэлж байна. Харин манайхан харшилтай гэдгээ мэдсээр байж наранд гараад тууралт өгсний дараа эм ууж, тос түрхдэг. Эсвэл эмчид ханддаг. Нэгэнт л нарны харшилтай болчихсон бол хурц нартай өдөр аль болох гадуур гарахгүй байж, чийглэг агаараар амьсгалан, хүйтэн шүршүүрт орох нь харшлыг сэдрээхгүй байх нэг арга юм. Хэрвээ гадуур явах шаардлагатай бол даавуун материалтай битүү хувцас өмсөж, нүдний шил, саравчтай малгай тавих хэрэгтэй.
Хөгцний харшилтай хүн гэр орныхоо хана, ариун цэврийн өрөөндөө хөгц байгаа эсэхийг байнга шалгаж цэвэрлэн засварлах хэрэгтэй. Хуурай чийггүй газар хөгц ургахгүй тул өрөө тасалгаандаа тогтмол салхи оруулж бай.
Тасалгааны ургамлын шороонд хөгц ихээр ургадаг. Шороог байн байн солих шаардлагатай. Хэрэв ингэж амждаггүй бол тасалгааны ургамлаас бүрэн татгалзаарай. Заавал таримал ургамалтай байя гэвэл чийггүй нөхцөлд амьдрах чадвартай кактус зэрэг ургамлыг сонгох нь зүйтэй.
Харшлын астматай үед хүч тамир шаардахааргүй, усанд сэлэлт зэрэг спортоор хичээллэх хэрэгтэй. Хүйтэн нөхцөлд цана, чарганы спортоор хичээллэж болохгүйг анхаараарай. Мөн амьсгалын замын халдварт өвчнөөс онцгой сэргийлж, өвөл ам хамраа зузаан ороолтоор ороож хүйтэн агаараар шууд амьсгалахгүй байх нь чухал.
Гэрийн тэжээмэл амьтны үснээс харшилтай бол та хайртай амьтнаа ойр дотныхондоо өгөөрэй. Хэрвээ өөр байранд нүүж орохоор бол өмнөх айлын байрыг сайн цэвэрлэж хялгас үснээс нь цэвэрлэх нь зүйтэй. Зөвхөн амьтны үс ноос гэхгүй олон жил тэжээсэн хайртай загаснаасаа харшил авдаг тохиолдол ч гардаг.
Резиний харшилтай хүн ховор тохиолддог ч эмчид хандагсдын дунд нэлээд их хувийг эзэлдэг. Бид өдөр тутмын амьдралдаа резинийг өргөнөөр хэрэглэдэг. Энэ харшлаар өвчлөгсдийн нэлээд хувийг цэвэрлэгээний ажилтнууд эзэлдэг. Ийм хүмүүс гараа хамгаалж резинэн бээлийн дотуур цэвэр даавуун нимгэн бээлий давхар хэрэглэх шаардлагатай бөгөөд гараа аль болох хуурай байлгах шаардлагатай.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:




