Сэтгэлийн нүд
Сэтгэлийн нүд
Эмнэлгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг нь хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босч чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин шаналгаагаа бага ч атугай нимэглэхэд өдөр хоног хурдан өнгөрнө.
Ийнхүү сар, улирал өнгөрсөөр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтөүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтөнг цонхны хажууд, хаалганы хажуудахыг түүний байранд шилжүүлэв.
Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бүхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ.
“Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ. Удалгүй нар улам хүчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхах олны явдал удааширч хаврын улирал налайна.”
Алиа эр энэ бүхнийг тоочин ярих бүр дүр зураг нь эмнэлгийн бяцхан өрөөнд амилж хүн бүрийн сэтгэл гэгэлзэнэ.
Гэтэл сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтөнийг шаналгах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хүсэл мөрөөдөл биелэнэ гэж бодсоор байв. Ийнхүү атаархлын харцаар хажуу тийш тиртэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломжийг хүлээж байсан түүнийг удаан хүлээлгэхгүй гэх шиг нэг шөнө цонхон талын эрийн бие гэнэт муудав. Асрагч, сахиул байхгүй тул тэрээр шүүгээн дээрх эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ч мөн адил гараа явуултал хором тоолон хүлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийн орсон байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бөнжигнөн тогтсон эмэн дуслууд нулимсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтөний аяархан ёолох дуу тасарч, өрөөнд нам гүм ноёлоход хөдөлгөөнгүй хөшсөн цонхигор царайн дээр үүрийн гэгээ туслаа.
Нас барсан өвчтөнийг гаргахаар асрагчид ирж, үлдэгсдийн байрыг сольж, хоёр шинэ өвчтөн нэмж оруулав. Хүсэл нь биелэсэнд баярласан хар санаат эрийн яарсан сэтгэл тэсгэлгүй догдолж цэнгэлийн сайхныг горьдон цонхны зүг эргэхэд хориод алхамын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй.
СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГҮҮД НОМНООС АВЛАА.